ҮҮНЭЭС ЦААШ ҮГҮЙ
"ХИЛ ХЯЗГААРЫН АЮУЛГҮЙ БҮС ДОТОР"
Тэгэхээр, энэ хэсэгт зарим нэг огт төсөөлөөгүй зүйлс гарч ирлээ. Шинэ Гэрээн дээр хэд хэдэн удаа үнсэлтийн талаар бичсэн байна. Заваан эсвэл шүлсэддэг биш, секси эсвэл тачаангуй биш ч маш олон ижил үнсэлтүүд: Бие биедээ ариун үнсэлтээр мэнд хүргээрэй. Христийн бүх чуулган та нарт мэнд хүргэж байна. Ром 16:16 Ах дүүс бүгд та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ. 1 Коринт 16:20 Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй. 1 Тесалоник 5:26 Үерхэл болзооны үед ямар нэгэн дүрэм журам баримтлах нь тийм ч муу зүйл биш юм: ямар ч заваан, шүлсэддэг, секси эсвэл тачаангуй биш.
Магадгүй энэ нь Христ итгэлт үерхлийн харилцаанд шинэ үгийн товчлол болж болох юм: “Фрэнк, хоёулаа ЗШСТБ дүрмээ дуусгах хэрэгтэй байх”. Үерхэл нөхөрлөлийн хил хязгаарын талаар илтгэгч, нийтлэлч Жон Крист ингэж бичсэн байдаг “үерхэл болзооны үед чиний бие махбодын хил хязгаар тань хэтэрхий хол явчихсан байгааг чи өөрөө мэдэж байдаг...”
Таны хил хязгаар дотор “сард нэгхэн удаа” гэдэг үгс багтаж байвал... Хэрвээ таны үерхлийн дүрэм журамд “Хэрэв бид дүрмээ итгэмжтэйгээр сайн мөрдөж чадвал шагналд нь сардаа нэг удаа 30 мин жаахан тэврэлдээд үнсэлцэж болох юм” ийм заалт байдаг бол үнэндээ таны хил хязгаар/сэдэл шалтаг чинь хүртэл хил хязгаартай болчихсон гэдэг нь тодорхой бөгөөд та үүндээ даруй шинэчлэл хийж, шинэ зааг хэмжүүр тавих хэрэгтэй болжээ.
Таны хил хязгаар дотор “Бид зөвхөн босон зогсох үедээ л” гэсэн үгс багтаж байвал... Хэвтэж байхдаа хийх боломжтой зүйлсийг босон зогсож байхдаа ч хийж болно. Гэнэтхэн л таны өрөөний хамтрагч чинь ороод ирвэл ямар эвгүй байх бол... Ичингүйрч байсан ч юу ч болоогүй юм шиг “Бид зүгээр л өөрсдийн хил хязгаар дотроо итгэмжтэй байгаа юм” гэж хэлсэн ч үнэндээ та эвгүй байдлаасаа гарч чадахгүй.
Энэ хэсэгт тэмдэг нэрс гарч ирж байгаа юм. Бид үнсэлцэж болно. Гэхдээ “түрэмгий” үнсэлт биш. Эвсэл бид өөрсдийнхөө тааламжтай байдлаар үнсэлцэж болно. Гэхдээ “удаан” хугацаагаар биш. За ямартай ч яг тэр мөчүүдэд чинь эдгээр дүрмүүдэд тань амжилт хүсье. Эдгээр дүрэм журмууд нь хөгжилтэй мөн бага зэрэг этгээд санагдахуйц байж болох ч хэрэв эдгээр нь Бурханыг хүндэтгэх “хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ” (Ром 13:14) сэтгэлээс ирж байгаа бол гарцаагүй сайн зүйл юм. Эргээд Шинэ гэрээнд гарч буй үнсэлтийн талаар бодож үзвэл үерхэл болзооны үед хэрэгтэй байж болох зарим нэг асуулт бий. “Хангалттай хол гэдэг нь хэр хол явж болно гэсэн үг вэ?”
АРИУН ҮНСЭЛТ
Нярай үе, балчир хүүхэд байх үе, насанд хүрсэн үедээ ч бид нэг нэгэндээ хүрч хайр, талархал, халамж анхаарал зэргээ илэрхийлж байдаг. Дасгалжуулагч таны нуруун дээр чинь цохиогүй бол та сайн тоглосон гэдгээ яаж мэдэх вэ? Та хүүхэд байсан үеэ бодоод нэг үзээрэй. Тэгэхдээ ямар ямар биеийн хэлэмж хүрэлт байдаг байсан, эдгээр нь танд халамж анхаарлыг хэрхэн мэдрүүлдэг байсныг санаарай. Би өөрийнхийгөө хуваалцъя. Би 1970-с 1980-аад онд Нью-Йорк хотын захын хэсгээр хүүхэд насаа өнгөрөөсөн бөгөөд шинэхэн захирагч Жулиани хотыг цэвэрлэхээс өмнө гудам талбай, ялангуяа Таймс Скүэр хавьцаа яг л муу усны хоолой шиг тийм л эмх замбараагүй байлаа. Аавтайгаа хамт хотын төвийн гудамж хороолол дундуур алхах үед аав маань үргэлж гараа нуруун дээр минь тавьдаг байсан. Энэ талаар дараа нь бодож байхад танихгүй хүмүүст өгч буй “миний хүү рүү ойртож ирэх гэсний хэрэггүй шүү” гэсэн дохио байжээ. Харин миний хувьд бол “Аав нь чамдаа хайртай шүү, тиймээс юунаас ч айх хэрэггүй ээ. Би чамайг хамгаалах болно” гэж хэлж буй мэт санагддаг байсан юм. Энэ бол “ариун үнсэлт”-ийн талаарх тун сонирхолтой хэсэг. Бид бүгд хийдэг мөн хүлээж авдаг бүх төрлийн дотно биеийн хүрэлт нь угтаа ямар ч сексийн утга агуулга байдаггүй. Үерхэлийн харилцааны хувьд ч мөн сэрэл тачаал хөдөлгөх сэдэлгүй олон төрлийн бие махбодын хүрэлт байж болдог. “Ариун сэтгэл татагдалт” хэмээх ойлголтыг авч үзвэл юу зөв тохиромжтой вэ гэсэн шийдвэр нь зөн совин болдог гэж би боддог. Зөн совингийн хөтөч нь таны хүсэж буй зүйл юм. ЭНЭ НЬ ЮУ ГЭСЭН УТГАТАЙ ВЭ Энэхүү ариун үнсэлтийн утга санаа нь хүний мэдрэмж, хайр сэтгэлийн бодит илэрхийлэл бөгөөд үүнтэй холбогдуулан харилцааны мөн чанарыг харуулах явдал юм. Биеэр хүрэх нь ямар нэг “утга санаа” эсвэл “бэлгэдэх агуулгатай” байдаг. Жишээ нь мөрөн дээгүүр гар тавих нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хамгаалалт тусламж, нэгдмэл байдал эсвэл бүр эзэмшил, өмчлөлийн утга агуулгатай байж болох юм.
Сексийн дотно харилцааг Библид өгүүлэхдээ Христ болон түүний сүйт бүсгүй болох чуулган хоёрын хоорондын харилцаагаар зүйрлүүлэн бичсэн байдаг. Учир нь өөр бусад харилцаануудын (найз нөхдийн, ах дүүс, эгч дүүс эцэг эхийн гэх мэт...) аль нь ч эхнэр нөхрийн харилцааг илэрхийлж чадахгүй юм. Тиймээс л хүсэл тачаал сэдрээх зүйл нь гэрлэлтээс гадуур харилцаанд тохиромжгүй байдгийн шалтгаан нь энэ юм. Таны эхнэр эсвэл нөхөр биш, эсвэл хань ижил болохгүй хүнд бие махбодын хувьд татагдан тачаадах нь огт сайн зүйл биш юм. Биеэр хүрэлцэх нь нэг хүнд ямар нэг утгыг илэрхийлж болно. Харин нөгөө нэг хүнд өөр утгаар илэрхийлэгдэж ч болох юм. Нэгэн арга хэмжээнд оролцохоор явж байгаад урд минь алхаж яваа итгэгч хосыг харсан юм л даа. Эмэгтэй нь хамт яваа залуугийнхаа цамцны урд хормойг өмднийх нь дотуур шургуулж орхив. Тэгэхлээр ийм хэдэн таамаг байна: Нэгт, энэ үйлдэл нь нөгөө залуугийнхаа сэрлийг өдөөж болох ч нөгөө эмэгтэйд энэ нь огт хамаагүй; Хоёрт, энэ үйлдэл нь залууг огтхон ч өдөөхгүй ч үүнээс үүдэн бас өөр асуултууд гарч болно; Гуравт, залуугийн сэрлийг энэ үйлдэл хөдөлгөнө гэдгийг тэр эмэгтэй мэдэлгүй хийсэн үйлдэл ба залуу түүнд үүнийг хэлэх ёстой; Дөрөвдүгээрт, тэр үед гэрэл багатай харанхуй байсан учир үнэндээ тэр хоёр ээж хүү хоёр байсан.
Биеэр хүрэлцэхүй нь ямар нэг зүйлийг дамжуулж байдаг бөгөөд хэрвээ чи зориудаар дохио өгөх гэж ийм үйлдэл хийгээгүй л бол иймэрхүү зүйлээр тоглох нь тийм ч сайн зүйл биш шүү. Дахиад л өнөөх “ариун үнсэлт” гэх ойлголт руугаа би буцаад ирлээ. Энэ нь хоёрхон үгнээс бүрдэх бөгөөд ямар нэгэн дүрэм журам огт биш юм. Харин энэ бол маш том агуулга бөгөөд дотроо олон мянган шийдвэрүүдийг багтааж байдаг. Хэрэв чи хайр дурлалын харилцааны тухайд юу хүсэж болон юуг хүсэхгүй байгаагаа ойлгомжтой тодорхойлсон бол биеийн хэлэмж нь зөв зохистой байдаг. Жишээлбэл, эрэгтэй хүнийхээ хувьд та өөр хүний нуруун дээр цохиход очих доргилт хэр хэмжээтэй байна гэдгээ мэддэг гэдэгт би итгэлтэй байна. Юуны талаар ойлголцохыг хүсэж байгаагаа мэдэж байвал та хэрхэн гэдгээ ч мэддэг. Үерхэлийн харилцаанд эрэгтэй хүнийхээ хувьд бид одоо байгаа хосын харилцаагаа тодорхойлж, илэн далангүйгээр алив сексийн уруу таталтаас хол байх талаар яриаг эхлүүлэх нь тохиромжтой гэдгийг хэлэх хэрэгтэй байх. “Ариун Үнсэлт”-ийн жишиг гэдэг нь “би хэр хол явж болох вэ” эсвэл “биеэр хүрэлцэхүйг хаа хүртэл явуулж болох вэ” гэх дүрэм журам биш юм. Харин “биеэр хүрэлцэхдээ бид хэн хэнийгээ догдлуулж сэрлийг нь хөдөлгөхгүйгээр хайр халамжаа хэрхэн илэрхийлж болох вэ?” гэх хандлага юм. Оюун санаагаа эмх цэгцтэй мөн цэвэр байлгахыг хичээгээрэй. Оюун санаа бол таны анд нөхөр юм. Чиг шугамууд бүрэлзэн бүдгэрэх үед оюун санаа тань цэвэр агаад цэх шулуун байвал таныг хазайж мурийхгүй байх замыг тань зааж чиглүүлж өгөх болно. Би өөрөө ийм нөхцөлд орж байсан бөгөөд гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааны талаарх библийн ойлголтуудыг дагаж мөрдөж байсан маань надад тусалсан. Магадгүй та өөр дүгнэлтийг гаргаж болох л юм. Гэсэн ч эдгээр жишгийн дагуу оюун санаагаа цэвэр байлгахаа мартуузай. Амжилт хүсье, аюулгүй байгаарай.
ЭРГЭЦҮҮЛЭЛ:
Эрчүүдэд зориулсан "Тачаал" номын хэсгээс...